Америкийн шумбагч онгоц Ираны цэргийн хөлгийг живүүлжээ
Шри-Ланкийн эргийн ойролцоо 2026 оны гуравдугаар сарын 4-ний лхагва гарагт живсэн Ираны IRIS Dena фрегат хөлөг Америкийн шумбагч онгоцны довтолгоонд өртсөн болохыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Пентагонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Тэрбээр “Олон улсын усан бүсэд аюулгүй байна гэж үзэж байсан Ираны цэргийн хөлгийг Америкийн шумбагч онгоц торпедоор живүүлсэн” хэмээн мэдэгдсэн байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зарлигаар Батлан хамгаалах яамыг “Дайны яам” болгон өөрчилснийг дурджээ.
Хегсет ямар хөлгийн тухай ярьж байгаагаа тодорхой хэлээгүй ч үүнээс хэдхэн цагийн өмнө Reuters агентлаг эх сурвалжуудаас иш татан, Шри-Ланкийн нутаг дэвсгэрийн усны ойролцоо IRIS Dena фрегат осолдож, шумбагч онгоцны довтолгоонд өртсөн гэж мэдээлсэн байна.
Пентагоны тэргүүн Ираны тэнгисийн цэрэг Америкийн довтолгооны дараа “байлдааны чадваргүй, устгагдсан, бут цохигдсон” гэж мэдэгдэв. Түүний хэлснээр Ираны хамгийн үнэ цэнтэй цэргийн хөлгүүдийн нэг болох “Сулеймани” ангиллын пуужинт катамаран-корветтод цохилт өгчээ.
Энэ ангилал нь АНУ-ын цэргийн ажиллагааны үеэр Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд амь үрэгдсэн Ираны генерал Касем Сулейманийн нэрээр нэрлэгдсэн аж. Хегсет “Ерөнхийлөгч түүнийг хоёр дахь удаагаа ониллоо гэж бодож байна” хэмээн хэлжээ.
IRIS Dena хөлгөөс 87 цогцос гаргажээ
Шри-Ланкийн Тэнгисийн цэрэг лхагва гаргийн орой живсэн IRIS Dena хөлгөөс 87 хүний цогцсыг гаргаж, 32 хүнийг аварсан гэж мэдэгдсэн байна.
Өмнө нь Шри-Ланкийн Гадаад хэргийн сайд Виджита Херат парламент дээр мэдэгдэхдээ хөлөг дээр нийт 180 хүн байсан гэж мэдээлжээ. Үүний дараа тус арал улс аврах ажиллагаанд зориулж тэнгисийн хөлгүүд болон Агаарын цэргийн хүчний онгоцуудыг илгээсэн байна.
Израиль, АНУ-ын Ираны эсрэг дайн
Энэхүү хэрэг явдал нь АНУ болон Израиль улсууд Ираны эсрэг явуулж буй дайны тав дахь өдөр болсон байна. Хоёр улс хоёрдугаар сарын 28-ны өглөө Ираны нутаг дэвсгэрт цохилт өгч эхэлсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Исламын Бүгд Найрамдах Улсын цөмийн хөтөлбөрийг устгах зорилготой байгаагаа мэдэгдэж, Ираны армийг зэвсгээ хураалгахыг, ард иргэдийг “өөрсдийн хувь заяаг гартаа авахыг” уриалсан байна.
Ираны төрийн хэвлэлүүд гуравдугаар сарын 3-нд Ираны Улаан Хавирган Сар Нийгэмлэгийн мэдээлэлд үндэслэн довтолгооны улмаас дор хаяж 787 хүн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Мөн Ираны дээд удирдагч аятолла Али Хаменеи болон хүчний байгууллагын хэд хэдэн өндөр албан тушаалын төлөөлөгчид амиа алдсан нь батлагдсан байна.
Иран хариуд нь Израиль болон Персийн булангийн хэд хэдэн улс руу цохилт өгсөн бөгөөд тэнд мөн хүний амь эрсэджээ. Тегеран арабын орнуудтай дайтсан бус, бүс нутаг дахь АНУ-ын цэргийн баазуудыг онилсон гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ






























































Сэтгэгдэл