Туулын хурдны замын бүтээн байгуулалтын ажил гуравдугаар сарын 15-наас эхэлнэ
Нийслэлийн тээврийн сүлжээний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий “Туулын хурдны зам” төслийн газар шорооны бэлтгэл ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлнэ. Үүнтэй холбогдуулан төслийн талбайд 59 инженер, техникийн ажилтан, 48 машин механизм, тусгай зориулалтын техник хэрэгсэлтэй барилга угсралтын үндсэн ажлыг эхлүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар түр барилга байгууламж болон барилгын бэлтгэл ажлын хүрээнд ажилчдын байрлах байр, оффис, туршилтын лабораторийн зориулалттай барилга, бетон зуурмагийн үйлдвэрийн суурь, урьдчилан бэлтгэх дам нуруу үйлдвэрлэх талбайн түр барилга байгууламж, технологийн түр замын ажлуудыг үе шаттай гүйцэтгэж байна.
Материалын хангамж, талбайн хайгуул судалгааны ажлын хүрээнд геодезийн хэмжилтийн ажил бүрэн дуусаж, инженер-геологийн судалгаагаар нийт 40 цооног өрөмдөөд байна. Энэ нь зам, гүүр, хийцийн бат бөх, аюулгүй байдлыг хангах инженерийн тооцооллын үндэс болж байгаа бөгөөд тус ажлын гүйцэтгэл 65 хувьтай байна.
Зураг төслийн ажлын хүрээнд замын шугамын сонголт, ерөнхий байрлалын чиг зургийг холбогдох байгууллагаар батлуулсан бөгөөд авто зам, гүүр хоолой, үерийн хамгаалалтын далангийн нарийвчилсан зураг төслийн ажил 94.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Төлөвлөгөөний дагуу гүүр, хоолойн барилгын ажлыг 2026 оны дөрөвдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна.
Туулын хурдны зам төсөл нь Шинэ тойрог замын бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад томоохон өөрчлөлт авчрах стратегийн ач холбогдолтой. Төслийн хүрээнд нийт долоон байршилд хоёр түвшний огтлолцол бүхий уулзвар, 12 байршилд гүүр, таван байршилд нүхэн гарц тус тус барихаар төлөвлөөд байна. Яармагийн гүүрний баруун хэсэг дэх орох, гарах хэсгийг төв замтай уялдуулан холбосноор хотын төвийн авто замын ачааллыг тэнцвэржүүлэх бол ТЭЦ-4, Наадамчдын гүүр, Нэгдүгээр тойрог зам, Сонсголонгийн зам, Авто худалдааны цогцолбортой холбогдох хэсгүүд нь хот руу орох, гарах урсгалыг оновчтой зохицуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Нийт 32 километр урт, 6 эгнээ бүхий Туулын хурдны зам ашиглалтад орсноор замын хөдөлгөөний дундаж хурд 14 хувиар нэмэгдэнэ.






























































Сэтгэгдэл
Мөнгө угаахаа болиоч ээ. [202.126.89.23] 2026-02-12 10:27:35
Шинэ Чингис хаан нисэх буудалруу явсан 40-д км хурдны замыг хар. Бас 6 урсгалтай барьчихсан. Гэтэл 6 урсгалаар нэгэн зэрэг машин явж байна уу? ЯГШДЭЭ! 4 урсгалаар л явдаг, захын 2 урсгал өвөл байнга цасанд дараастай байдаг, зун бол захаар нь машин угийн явдаггүй. 5,6 дахь бүс бол зүгээр л үрлэгэн, мөнгө угаасан зардал.
Хэтэрхий том замюм биш үү? [202.126.89.23] 2026-02-11 15:24:05
Нөгөө хотын усны ундаргын нутгаар дайрч өнгөрөх юм байна даа. Тийм үү? Тэгээд энэ замыг 6 урсгал татах хэрэгтэй юм уу? 4 урсгалтай байж болдоггүй юм уу? Нөгөө Тэрэлжийн Мэлхий хадруу 4 урсгал зам татачихаад тэр амыг балалсантай адил юм болох вий. Налайхаасаа 2-хон урсгал, гэтэл Мэлхий хадруу урсгал явуулж мангартсан.
Алдаагаа олж харлаа. [202.126.89.23] 2026-02-11 15:26:36
"... гэтэл Мэрхий хадруу 4 урсгал явуулж мангартсан." гэж залруулья.
ЗОЧИН [202.126.93.21] 2026-02-10 15:29:54
Сайхан зам болохнээ
Зочин [202.126.93.21] 2026-02-10 15:28:45
ХУРДАН БАРИГДААСАЙ СҮҮЛИЙН ҮЕД БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД УЛС ТӨРЖИХГҮЙ ШУУД ХЭРЭГЖДЭГ БОЛЖЭЭ АМЖИЛТ ХҮСЭЕЭ